Хайх

About us

ГАРАЛ ҮҮСЭЛ | History
1800-аад оны сүүл үед Германы морин цэргийн офицер Ахмад Макс вон Стефаниц өв тэгш хоньч нохой гарган авах зорилгоор хойд болон төв мужуудын олон өөр удамшлийн шугамуудыг эвцэлдүүлж одоогийн Герман Хоньч Нохой (GSD)-н өвгийг гарган авсан. Түүнчлэн тэрээр дэлхийн анхны GSD клубыг үүсгэн байгуулсан бөгөөд амьдралынхаа 35 жилийг энэхүү нохойг сайжруулах, сурталчилахад зарцуулжээ. 
Өнөөдөр GSD-г маш олон чиглэлийн ажил үүрэг гүйцэтгэхэд сургаж, ашиглаж хэвшсэн тул “хонь хариулах” зорилгоор анх бүтээсэн гэдэг нь мартагдах болжээ.  Гэвч GSD-ын дэлхийд алдаршсан чанарууд болох оюун ухаан, авхаалж самбаа, хурд, арга мэх болон хатуу чанд байдал нь цагдаагийн академид бус хонины бэлчээрт бий болсон байна.
АРЧИЛГАА | Grooming
Дунд зэргийн урттай, давхар бүтэц бүхий үстэй бөгөөд дотор үс нь зөөлөн, харин гадна үс нь өтгөн, ширүүн, биедээ налсан байдаг. Энэ үүлдрийн нохойг арчилахад хялбар байдаг бөгөөд ихэвчлэн сул үсийг нь авах зорилгоор хэдэн өдөр тутамд самнадаг. Гэхдээ жилд 1-2 удаа үсээ их хэмжээгээр гуужуулдаг тул энэ үед нь илүү ойр ойрхон самнах хэрэгтэй. Тэднийг зөвхөн хааяа л усанд оруулах хэрэгтэй. Хэт урт хумс нь өвчин орох болон бүтцийн асуудал үүсгэдэг тул сар бүр хумсыг нь авч засаж янзалж байх шаардлагатай.
ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН | Exercise
Өндөр идэвхитэй, атлетик үүлдэр учраас биеийн болон оюуны эрүүл байдлийг хангахын тулд маш их дасгал хөдөлгөөн шаардлагатай. Хангалттай дасгал сургуулилт хийлгэхгүй бол буримдах ба зохисгүй ааш авир гаргадаг. Гөлөгийг сургаж эхлэхдээ өдөрт богино хугацаагаар алхуулах болон аюулгүй орчинд тоглуулж болно. Хамгийн сайн сургалттай ноход ч анхаарал нь сарнисны улмаас команд биелүүлэхгүй байх тохиолдол гардаг тул нохойгоо хөтөлгөөнөөс нь суллахгүй байхыг анхаарах хэрэгтэй. Авхаалж самбаа (agility), сүрэг хариулах (herding), мөр хөөх (tracking), тавцангаас усанд шумбах (dock diving) зэрэг нь биеийн болон оюуны маш сайн дасгал болдогоос гадна эзэн, нохойн аль алинд нь зугаатай бөгөөд урамтай байдаг.
СУРГАЛТ | Training
Нийгэмшлийн болон гөлөгний сургалтыг эрт эхлүүлэх нь чухал бөгөөд дуулгавартай байдлын (obedience) сургалтыг үргэлжлүүлэн хийснээр дасан зохицох чадвар сайтай, хүмүүжилтэй нохой болж өсөхөд тустай. GSD нь маш ухаалаг хамтрагч бөгөөд гайхамшигтай ажилч нохой юм.  Урамшуулалд тулгуурласан эерэг уур амьсгалтай, тууштай сургалт нь маш сайн үр дүн өгөх болно. Эзэдтэйгээ гүн гүнзгий холбоо үүсгэдэг нохой тул гэр бүлтэйгээ хамт амьдрах үедээ л хамгийн аз жаргалтай байдаг. Гэр бүлийн нэг гишүүн болгон өсгөж гэр бүлийнхээ үйл ажиллагаануудад оролцуулж байх хэрэгтэй.
ЭРҮҮЛ МЭНД | Health
Ихэнхи Герман хоньч ноход эрүүл чийрэг байдаг. Хариуцлагатай үржүүлэг хийхийн тулд тохой, түнхний гажиг (dysplasia) болон нугасны доройтол (degenerative myelopathy) зэрэг өвчин байгаа эсэхийг шалгуулж баталгаажуулах шаардлагатай. Гэдэс дүүрэх буюу хэвлийн хөндийд гэнэтийн, амь насанд аюултай дүүрэнги үүсэх тохиолдол элбэг байдаг тул үүний шинж тэмдэг болон үзүүлэх тусламжийн талаар эзэд мэдлэг сайтай байх шаардлагатай.
ХООЛЛОЛТ | Feeding
Нохойн насны онцлогт (гөлөг, насанд хүрсэн, хөгшин) тохируулсан сайн чанарын зориулалтын хоол нь уг үүлдэрт шаардалагатай шим тэжээлийг агуулсан байдаг. Өөрсдийн үлдэгдэл хоолноос өгөх нь хоол боловсруулах системийг хямраадаг тул ихээр өгөхгүй байх тэр тусмаа чанасан яс болон өөх тос ихтэй хоолны үлдэгдэл өгөхөөс зайлсхийх шаардлагатай. Жижиг ширхэгтэй жигнэмэг эсхүл хуурай хоолыг сургалтанд ашиглаж болно. Хэрэв өндөр чанарын хоолоор тэжээж буй бол нэмэлт тэжээл болон витамин өгөх шаардлагагүй ба харин бага хэмжээний тараг, жигнэсэн ногоо болон өндөг нэмж өгөх нь ач тустай. 

Эх сурвалж | Source
Америкийн Кеннел Клуб ( American Kennel Club )